Dec 22, 2009

Навч ба зүлэгнүүд....


Навч ба зүлэгнүүд

Хавар цаг өнгөрч зуны дэлгэр сайхан цаг ирэхэд талд ургасан ганц улиас түмэн навчаа дэлгэн ногоорч хөх цэнхэр тэнгэр, алтан нар, хөврөн нүүх үүлс, алсаас цэнхэртэх уулс болон цэцэг алагласан талтайгаа нийлээд хосгүй өнгө үзэмжийн нэгээхэн хэсэг болон найгана.



Саваагүй зангаа хаяаагүй шинэхэн навч улиасны сүүдэрт намиран ургах хэсэг өвсрүү хандан “би ямар азтай юм бэ? Миний сайхан ногоон өнгө энэ модыг чимээд газар сайгүй харагдаж байгаа даа. Тэгээд ч би та нар шиг газар ургаагүй харин энэ сайхан модонд ургасан. Алс холын тэртээг би харж чадна харин та нар чаддаггүй. Хараач, Хараач талд хэсэг адуу бэлчин байна. Та хэд ч дээ тэднийг харахгүй биз. Пөөх энд тэндгүй хүүхдүүд тоглоод л ямар зугаатай харагданаа ” хэмээн сагсууран онгирно. Тэгээд л өдөр нь тэдэнд тал дүүрэн ямар сайхан амьдрал байгааг яриад л харин шөнөдөө одод тэнгэрт гайхамшигтай сайхан байгааг магтаад л зунжингаа л онгирчээ. Зүлэг яахав модны доороос одот тэнгэрийг харах биш. Нэг хэсэг нь навч шиг тавилангүйдээ гансараад нөгөө хэсэг нь “наадах чин худал ярьж байгаа юм” гээд л бүхэл зуныг үджээ.
Намар цаг ирэн сэвэлзэх салхинд өнөөх навч үзэсгэлэнт шар өнгөтэй болоод өөрийгөө бүүрч ихээр тоон би ер нь алтанаас өнгөлөг харагдаад байгаа юм биш үү хэмээн намрын шар наранд өөрийгөө илүү ихээр харуулахыг хичээсээр байтал удахгүй хөөрөн онгирон байсан өнөөх навчны дуу хоолой ч зөөлөрч гэрэлт алтан өнгө нь нэг л зэвхийрч эхлэсэн боловч онгироо зангаа тавилгүй хавийн бүхэнд харсан үзсэн, азтай жаргалтайгаа гайхуулсаар хэдэн долоо хоногын дараа гэхэд анхлан ургасан мөчрөөсөө хүртэл чангахан зуурах тэнхэлгүй болсоор нэг л мэдэхэд салхины зөөлөн аясанд хүч сулдан унажээ.
Эх модноосоо салсан навч хийсэн унахдаа өнөөх л хэдэн зүлэгний дэргэд газардав. Тэгээд дахин амилахааргүй үхэв. Өндөр настай хэдий ч өнөөх улиас навчисаа хаяахын цагт одот тэнгэрийг халхалхаа больж газрын хэдэн зүлэг хүртэл тэнгэрийг ширтэж чадахаар боллоо.
Ийнхүү өөрийн сайхандаа бардан байсан навч үүрд мөнх хорвоог орхисон бол өвс харин ирэх жил нь үндэснээсээ эхлэн амилаж өөр нэгэн зуныг үзэх боллоо.

Хүн баян бай ядуу бай, сайхан бай муухай бай, мэдлэгтэй ч мэдлэггүй ч бүгд л адилхан төгсдөг нь хүн бүрийн амьдрал адилхан үнэтэй гэдгийг бидэнд батална. Хүслийнжигүүр

Бусдын төлөө зориулагдсан амьдрал л амьдрахуйц үнэтэй амьдрал юм.

Алберт Эйнштэйн.

2 comments:

Anonymous said...

xarin texiim bilee, amia bodoj amidraxaa bolidog ch ymuu gej bodox bolloo :P ene yutai xolbootoiw xixi

tatah

Хүслийнжигүүр said...

татахаа тэгэж санагдаж байгаа бол энэ чинь нас ахиснийх байх дөө. хэхэ :P